Түрүү булчирхайн эрүүл мэнд

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоонд хамаарагдах жижиг булчирхайт эрхтэн юм. Түрүү булчирхай нь хэмжээ бөгөөд хэлбэрээрээ хушгатай ойролцоо. Энэхүү булчирхай нь давсагнаас шээсийг гадагшлуулдаг шээлүүрийг бүслэн тойрч, давсагны дор, шулуун гэдэсний урд байрладаг. Түрүү булчирхайн шүүрлийн шингэн нь төмсөгнөөс хүргэгдэх эр бэлгийн эсүүдэд таатай орчин бий болгож, үрийн шингэн хэлбэрээр дур тавихад гадагшилдаг.


Түрүү булчирхайн хэмжээ эрэгтэй хүн нас ахих хэмжээгээр томордог. 40 нас хүрэхэд түрүү булчирхайн хэмжээ хушга самарны хэмжээнээс тоор жимсний дайтай болтол томордог ба 60 нас хүрэхэд хэмжээгээрээ нимбэг (лемон) шиг болж томрох нь элбэг.



Түрүү булчирхай нь шээлүүрийг бүсэлж байрладаг тул томорвол хэмжээгээрээ шээлүүрийн сувгийг дарах, шээсний урсгалыг боогдуулан саатуулах уршиг учруулж болно. Энэ шалтгаанаар шээхэд хүндрэлтэй, удаашралтай шээх шинж тэмдгүүд үүсч эхэлдэг. Ихэнх 50 хүрсэн эрэгтэйчүүдэд шээс ялгарлын өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг ба тэрнээс эрт ч илрэх тохиолдлууд байдаг.
Нарийн мэргэжлийн эмч нарын тодорхойлолтоор түрүү булчирхайн хоргүй томролыг хоргүй хавдар буюу түрүү булчирхайн гиперплази (ТБГ) гэж нэрлэдэг. Түрүү булчирхайн томрол нь насжилт дагасан нийтлэг өөрчлөлт бөгөөд томрохоос сэргийлэх боломж бага байдаг. Түрүү булчирхайн томролын зэрэгт нас болон гэр бүлийн түрүү булчирхайн томролын түүхтэй байх нь голлох эрсдэлт хүчин зүйл болно. 10 эрэгтэй тутмын наймд нь түрүү булчирхайн томрол тохиолдож болно. 85-с дээш насны эрэгтэйчүүдийн 90 хувь нь түрүү булчирхайн томролтой болж, тэдгээрийн 30 хувьд нь уг эмгэгийн хүндрэл, зовиуртай байдаг.

Түрүү булчирхайн томролын нийтлэг шинж тэмдгүүд:

  • Шээсний эхлэл саатах, шээс чөлөөтэй ялгарахгүй байх
  • Ойр ойрхон шээх, ялангуяа шөнийн цагаар
  • Шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах
  • Шээсээ барьж чадахгүй мэт гэнэт шээс хүрэх
  • Шээх явцад шээс тасалдах, дахин шээж эхлэхэд хүргэх
  • Хүчилж шээдэг болох

Түрүү булчирхайн томролын эдгээр шинж тэмдэг мэдрэгдэж эхэлбэл цаг алдалгүй эмчид очиж, болзошгүй хүндрэлээс хамгаалах зөвлөгөө авах нь чухал. Түрүү булчирхай хэмжээгээрээ томрох нь нийтлэг тохиолддог ч хэт хурдан томрох эсвэл хатуурвал бөөр болон давсагны үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх өндөр эрсдэлтэй.

Эмчилгээ:
Анхааралтай хянах. Түрүү булчирхайн томрол онцын зовиур анхааруулах шинж тэмдэггүй бол жилд нэг удаа шаардагдах шинжилгээ хийлгэн, эмчид хянуулж байхад хангалттай.
Өдөр тутмын амьдралдаа тодорхой өөрчлөлт оруулах. Үүнд унтахаасаа өмнө хэрэглэх шингэний хэмжээг, ялангуяа согтууруулах ундаа каффеины хэрэглээг хязгаарлах.
Зориулалтын эмчилгээ. Түрүү булчирхайн томролын эмчилгээг 2 үндсэн чиглэлээр хийнэ: – алфа блокатор /түрүү булчирхайн томролын өвдөлтийг багасгадаг/ – 5 альфа редуктаза сааруулагч бүлгийн бэлдмэлүүд /түрүү булчирхайн хэмжээг багасгах үйлчлэлтэй/. Уг эмчилгээнүүдийг ихэвчлэн хамтад нь хэрэглэх ба эмчийн жор болон давтан хяналтаар эмчилгээний тун болон үргэлжлүүлэх хугацааг зөв тохируулах хэрэгтэй.
Мэс заслын. Аливаа эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур болон үрэвслийн шинж тэмдэг удаан хугацаагаар хурц илрэх өвчтөнд мэс заслын аргаар төгс эмчилгээ хэрэглэдэг.

No comments:

Post a Comment