Охин ураг эхийнхээ хэвлийд бүрэлдээд эхээс төрөх үедээ өндгөвчиндөө бүхий л амьдралынхаа турш хангагдах тодорхой тооны нөөцтэй өндгөн эсийн цэврүү буюу фолликултай төрдөг. Анх 7 орчим сая өндгөн эсийн цэврүүтэй төрөөд, амьдралын явцад цөөрсөөр бэлгийн бойжил хүрэхэд эмэгтэй хүн 300’000 цэврүүтэй үлддэг. Сарын тэмдгийн мөчлөг бүрт цэврүүнээс өндгөн эс боловсорч гүйцэн гадагшилсаар 40 дөхөх насанд өндгөн эсийн цэврүүний тоо маш цөөрсөн байдаг ба эцэст нь өндгөн эсийн цэврүүний тоо барагдахад эмэгтэй хүн цэвэрших буюу зөвхөн хүүхэд төрүүлэхээ болино. Өндгөвчинд үлдэх өндгөн эсийн тоо цөөрөх тусам өндгөвчний бэлгийн даавар нийлэгжүүлэх үйл ажиллагаа суларч, эмэгтэй хүний бие махбодь эм бэлгийн дааврын бага түвшинд дасан зохицох шаардлагатай болно.
Цэвэршилт бол байгалийн жамын дагуу явагдах эмэгтэйчүүдийн амьдралын салшгүй нэг үе шат ба цэвэршилтийг хойшлуулах шаардлагагүй, цэвэршилтийн шилжилтийг зовиургүй туулан, чанартай амьдралыг бүрдүүлэхийг зорих хариуцлагатай үе юм.
Иймээс, цэвэршилт гэдэг нь нэг өдрийн дотор явагдаж гүйцдэг үйл явдал биш бөгөөд хэдэн сар жил дамнан явагддаг.
Цэвэршилтийн үед бэлгийн дааврын түвшингүүд их хэмжээгээр хэлбэлзсэнээс биед цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрдэг. Эмэгтэй хүн бүрийн дааврын хэлбэлзэл харилцан адилгүй байдгийн адилаар цэвэршилтийн шинж тэмдгийн зовиур мөн л ялгаатай байдаг.
Эх сурвалж: http://www.mmas.mn
No comments:
Post a Comment