Элгээ хамгаалах арга замууд

Элэгний өвчлөлийн бараг 50% нь бидний амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Архи дарс хэтрүүлж ууснаар элэг гэмтдэг гэдгийг ихэнхи хүмүүс мэддэг хэрнээ, бусад үед элэгнийхээ эрүүл мэндийн талаар хэр их боддог билээ? Бидний ихэнх нь өвдөж зовиурлах, ямар нэг зүйл хэвийн биш санагддаг болохоос нааш элгэндээ анхаарч, хайрлаж халамжладаггүй нь тодорхой. 
Харин таны элэг 500 гаруй чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү?
Элэг нь бусад эрхтэн системүүдээс олон талт үүрэг болон ачаалал даах хэмжээгээрээ хамгийн даац өндөртэй эрхтнүүдийн нэг байдаг. Харамсалтай нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягийн үр дагаварууд болох халдварт хепатит, таргалалт, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээс элэгний өвчлөл болон түүнтэй холбоотой эрсдэл жил ирэх тутам өссөөр байна. Харин өдөр тутмын амьдралдаа элгэндээ санаа тавих хялбар зарчимтай болчихвол та энэхүү амин чухал эрхтэнээ эрүүл байлгаж чадна. Элгээ хайрлан хамгаалах дараах аргыг амьдралдаа хэвшүүлээрэй.

Өөхний хэрэглээгээ багасга
Өөх, тостой хоол идэх, илүүдэл жинтэй байх нь элэг өөхлөх гол нөхцөл болдог. Архи хэтрүүлэн хэрэглээд, нэмээд хоолны буруу зуршилтай бол элэг өөхлөх эрсдэл улам нэмэгдэнэ.

Үнэн учрыг олох
Архинаас хамааралтай болсон архаг архичид л архинаас үүдэлтэй элэгний өвчтэй болдог гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэвч зөвлөсөн зохистой хэмжээнээс бага зэрэг л илүү хэрэглэдэг хүмүүс ч элэгний өвчлөлд өртөх магадлалтай байдаг. Нэмээд эдгээр хүмүүс таргалалт, даралт ихсэх эмгэг, элэгний эмгэгийн гэр бүлийн түүхтэй зэрэг давхар эрсдэлтэй бол архийг аль болох зохистой хэмжээгээр хэрэглэдэг байх хэрэгтэй. Согтолгүй архи сайн даадаг байх нь элэг гэмтэхгүй гэсэн баталгаа болохгүй. Түүнчлэн ус ихээр уух ч элэгний гэмтлийг багасгаж чадахгүй. Ус ихээр уух нь шартахаас сэргийлдэг ч таны элгээр шүүгдэх архины хэмжээг багасгахгүй юм. Дарс болон шар айраг нь бага хортой гэж найдаж болохгүй, учир нь элэгний гэмтэл таны ууж байгаа спиртны хэмжээнээс хамаардаг байдаг.

Архи огт хэрэглэдэггүй өдрүүдтэй бол
Архи тогтмол уусаар байвал архинд тэсвэртэй болж архины үйлчлэлийг мэдрэхийн тулд урьдынхаас илүү их хэмжээний архи уух хэрэгтэй болгодог. Байнга архи уудаг хамааралтай болсон хүмүүс архинаас бүрэн татгалзаж чадахгүй бол долоо хоногтоо ядаж 2 архигүй өдөртэй болох хэрэгтэй. Ингэснээр элгэндээ амрах хугацаа өгөхийн хамт нийт хэрэглэх архины хэмжээг бага байлгахад тус болно.

Уусан архины нийт нэгжийг тооцож байгаарай
Худалдаагаар үйлчилдэг архи, дарс болон шар айрагны зохистой нэгжийн хэмжээ аажим нэмэгдэж байгааг хүмүүс тэр болгон ажигладаггүй байж магадгүй. 1970 онд зарагддаг байсан дарсанд агуулагдах спиртийн тун 9% байсан бол өнөөдөр 12,5% болж нэмэгдсэн байна. Өнөөдөр бидний хэрэглэж сурсан 75мл хэмжээтэй хундаганд 3 нэгжээс илүү спиртийн агууламж байгаа гэдгийг анзаарсан уу? Зохистой 1 стандарт спиртийн нэгж нь 25мл байхад согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд стандартаас 2 дахин илүү хэмжээ болох 50мл архийг стандарт гэж үзэн үйлчилсээр л байна.

Бэлхүүсээ хэмжээрэй
Бэлхүүс орчмын таргалалт нь бусад хэлбэрийн таргалалтаас илүү аюултай. Учир нь энэ таргалалтаас элэг нь сахар задалдаг инсулинд мэдрэмж муутай болж цусан дахь задраагүй сахарын түвшин нэмэгдэн чихрийн шижин үүсэх суурь болдог. Эмэгтэйчүүдийн хувьд бэлхүүсний тойрог 80см-ээс илүү болох нь элэгний эмгэгийн эрсдэлийг ихэсгэдэг байна.

Шинжилгээ тогтмол өгч, эрт илрүүлэх
Элэг өөхлөх эрсдэлт хүчин зүйлс болох холестеролын хэмжээ ихсэх, цусны даралт ихсэх, 2-р төрлийн чихрийн шижин зэрэг нь туранхай хүмүүст ч тохиолдох нь элбэг тул шинжилгээ болон хэмжилтүүдээ сайн хянаж байх нь зүйтэй.

Эрсдэлээ мэд
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол архитай холбоотой элэгний өвчлөлөөр өвдөх магадлал илүү өндөр байдаг физиологийн онцлогтой. Мөн үе мөч, арьсны эмгэг, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт ямар нэг эмчилгээний зорилгоор удаан хугацаагаар эм бэлдмэл хэрэглэж байх үедээ болон эмчилгээний дараагаар архи, согтууруулах ундааг хэрэглэх нь элгэнд илүү ачаалал өгч, гэмтээх аюултай.

Байнгын дасгал хөдөлгөөн
Идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь элгэнд хуримтлагдсан өөхийг гадагшлуулахад тус болно. Долоо хоногийн 5-н өдөр нь 30 минутын хугацаатай зүрх судасны булчинг дэмжих /хурдан алхах, дугуй унах зэрэг/ ачаалал багатай хөдөлгөөн эсвэл долоо хоногт 3 удаа 30 минутаар гүйх, фитнесс төвд хичээллэх зэрэг эрчтэй дасгал хийдэг байх хэрэгтэй.

Өөрийгөө хамгаал
Хепатит B болон C вирүсын халдвар  нь бэлгийн замаар дамждаг тул халдвар авахаас сэргийлэн тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийж, шинэ хамтрагчтайгаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн сахлын хутга, шүдний сойзоо ч бусадтай сольж болохгүй. Эмчилгээ, үйлчилгээний газар бохир зүү тариур (зүү тавих эмчилгээ, шивээс) хэрэглэж байгаа эсэхэд нарийн хяналттай байх хэрэгтэй.

Шинж тэмдэгт соргог бай
Элэгний өвчний үед хурцаар илэрдэг шинж тэмдгүүд болох баруун талын хавирганы доогуур өвдөх, бөөлжих, толгой эргэх, суулгах, шарлах зэргийг ажиглахад хялбар байдаг. Харин архаг шинж тэмдгүүд болох ядрах, толгой эргэх, эрч хүчгүй болох, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгийг ялгахад төвөгтэй байдаг тул сэрэмжтэй байх хэрэгтэй. Эмчид үзүүлэн хянаж байх хэрэгтэй.

Хэтрүүлэхээс зайлсхий
Илүүдэл жинтэй таргалаттай тохиолдолд зөвхөн ус, жимсний шүүс ууж, хатуу хоолны дэглэм барих зэрэг огцом дэглэмүүд нь жингээ хасахад хэрэгтэй мэт боловч нөлөө талаараа элгэнд ачаалал өгдөг. Иймээс дэглэм барих нь миний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үү? муугаар нөлөөлөх үү? гэдгийг сайн бодож эрүүл амьдралын хэвшилийг сонгох хэрэгтэй. Богино хугацаанд хэт их жин хасах нь элэг өөхлөх явцыг хурдасгаж, элэгний үрэвслийн үйл явцыг түргэсгэдэг байна. Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн, хоол хүнсээ тохируулахад анхаарах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ хэт хатуу хоолны дэглэм нь элгэнд илүү ачаалал өгдөг байна.


No comments:

Post a Comment