Үтрээний хамгийн түгээмэл тохиолдол өвчин бол үтрээний мөөгөнцөр юм


Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн системийн бүтэц, Хэвийн шүүрэл гэж юу вэ?Хамгийн түгээмэл тохиолддог үтрээний эмгэгүүд
Эмэгтэй хүний бэлэг эрхтнийг бас дотор, гадна гэж ангилан үздэг. Гадна бэлэг эрхтэн гэдэг нь бидний нүдэнд ил харагдаж байдаг хэсэг юм. Өөрөөр хэлбэл бэлгийн их уруул, хэлүү, бага уруул, шээсний сүв, үтрээний үүдэвчийг гадна бэлэг эрхтэнд хамруулж үздэг. 
  
Бэлгийн их уруул нь бэлэг эрхтнийг гадны нөлөөнөөс хамгаалж байх зохилдлогоотой хос арьсан нугалаас юм. Бэлгийн их уруул нь арьсан дороо өөхлөг эдтэй байдгаас зузаавтар, бор өнгөтэй, үстэй байдаг. Бэлгийн их уруулын дотор талаар бэлгийн бага уруул байрлана. Бэлгийн бага уруул нь улаан ягаан өнгөтэй арьсан нугалаас юм. Энэ нугалаас хэсэгт шүүрэл ялгаруулдаг булчирхайнуудын сүв нээгддэгээс цагаан өнгөр хуримтлагдсан байдаг бөгөөд үүнийг угааж цэвэрлэх нь эрүүл ахуйн хувьд тохиромжтой. 

Бэлгийн бага уруулууд дээд хэсэгтээ буюу умдагны доор нийлж хэлүүг үүсгэнэ. Энэ нь мэдрэлийн судлаар баялаг, маш цочромтгой эрхтэн бөгөөд бэлгийн таашаал авах, дур ханахад чухал үүрэгтэй. Хэлүүний доод талд шээсний сүв байрлана.
Бэлгийн бага уруулуудын хоорондох амсарыг үтрээний үүдэвч гэж нэрлэдэг. Бэлгийн хавьталд ороогүй охидод үтрээний үүдэвч онгон хальсаар халхлагдаж байна. 
Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнхи охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий.
Дотор бэлэг эрхтэнд үтрээний үүдэвчээс цааш үргэлжлэх, нүдэнд харагдахгүй, бага аарцгийн хөндийд байрладаг эрхтнүүдийг багтааж үздэг. Үүнд: үтрээ, үмай, үрийн хоолой, өндгөвч орно.


Үтрээ нь үтрээний үүдэвчнээс умайн хүзүүтэй нийлэх хэсэг хүртэл, үргэлжилдэг агших, сунах чадвартай булчинлаг гуурсан хоолой юм. Үтрээний дотор талын ханыг хучсан нимгэн салст давхарга нь шүүрэл ялгаруулдаг бөгөөд бид үүнийг цагаан юм гэж нэрлэдэг.
Өндгөвч умайн хоёр талд, гуурсан хоолойн харалдаа доор нь, түүний салбангуудтай шүргэлцэн байрлах хос бэлгийн булчирхайн юм. Өндгөвч ойролцоогоор 2,5х1,5х1см хэмжээтэй жижиг булчирхай бөгөөд дотроо 400,000 орчим боловсроогүй эм бэлгийн эс буюу өндгөн эсийг агуулж байна. Охидод биений юм ирдэг болсон үеэс сар бүр 1 өндгөн эс гүйцэд боловсрон ялгарах ба хэрвээ бэлгийн хавьталд орвол жирэмслэх бололцоотой гэсэн үг юм. 
Үтрээний салстын хэвийн шүүрэл буюу ялгарал    
Үтрээний шүүрэл нь үтрээг цэвэр байлгах үүрэгтэй. Биений юм ирэхээс бусад үед  үтрээнээс шүүрлийн цайвар ялгарал бага хэмжээгээр гарах нь хэвийн зүйл. Уг салсархаг ялгарал нь ихэвчлэн умайн хүзүүний салстын шүүрэл байдаг. Үтрээний ялгарлын хэмжээ өөрчлөгдөх нь цэвэр дааврын түвшингийн хэлбэлзэлтэй холбоотой, Өөрөөр хэлбэл шүүрэл нь сарын тэмдгийн мөчлөгийн үе шат, жирэмслэлт, цэвэршилттэй шууд холбоотой. Сарын тэмдгийн мөчлөгийн шат бүрт үтрээний ялгарлын хэмжээ болон шинж чанар харилцан адилгүй байдаг. Өндгөн эс өндгөвчнөөс гадагшлах үед (овуляци) үтрээний ялгарал түүхий өндөгний цагаан шиг өтгөн, сунамтгай болж хувирна.Бусад цагт өтгөн цагаан өнгө арилж тунгалаг болдог.

Үтрээ нь бичил биетэн агуулдаг хэмжээгээрээ хоол боловсруулах эрхтэний дараа ордог өвөрмөц шинж чанартай эрхтэн юм. Эрүүл үед үтрээнээс ялгарах хэвийн шүүрэл нь хурц үнэр, өнгөгүй байна. Хаяа танд нойтон оргих таагүй мэдрэмж төрж болох ч, үтрээний эргэн тойрон загатнах, зовиурлах учиргүй.
Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:
·         Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг

  •       Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална (үтрээний орчин хүчиллэг болох хандлагатай)
  •       Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна
  •         Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг
  •       Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг

·         Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь  үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH 4.5-аас бага) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, мөөгөнцөр зэрэг халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ.

Үтрээний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ
  • Хэт эрчтэй бэлгийн хавьтал: аарцагны гэмтэл. Хүчирхийлсэн бэлгийн харьцаа нь аарцаг ясны болон үтрээний хананд гэмтэл учруулдаг.
  • Архаг өвчлөл, эмгэгүүд: Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
  • Эм бэлдмэл хэрэглэх: эмэгтэйчүүдийн хувийн арчилгааны бүтээгдэхүүн. Антибиотик эмчилгээг удаан хугацаанд хэрэглэснээр үтрээний мөөгөнцөр тархах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Зарим төрлийн анти-гистамин (харшлын) эмчилгээ үтрээг хуурайшуулдаг. Ховор тохиолдолд сарын тэмдгийн үед хэрэглэдэг шингээлт сайтай тампоныг солихгүй удаан явснаас хордлогын дайралтын эмгэг хам шинж (toxic shock syndrome) үүсч болно.
  • Гэр бүл төлөвлөлтийн хэрэгслүүд: Спермицид (эр бэлгийн эсийн идэвхжлийг хорих тос), хурц үнэртэй, нийлэг бэлгэвч, тослогч зэрэг нь үтрээг цочроох аюултай.


  • Жирэмлэлт ба төрөлт: Жирэмсэн болоход үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөж, сарын тэмдгийн мөчлөгийн дааврын ялгарал түр зогсоно. Үүнээс шалтгаалж жирэмслэлтийн явцад үтрээний хэвийн бичил орчны тэнцвэр алдагдан шүүрэл, ялгарлын хэмжээ ихсэж илүү ихүүн үнэртэй болж өөрчлөгддөг. Хэвийн төрөлтөөр буюу үтрээгээр төрөх нь үтрээний булчингийн хүчийг багасгаж, үтрээ сулрах тохиолдол элбэг байдаг.
  • Сэтгэлзүйн асуудлууд: Санаа зовох, сэтгэл гутрах нь бэлгийн сэрлийн эрчид сөргөөр нөлөөлж, бэлгийн харьцааг таагүй болгож, өвдөх мэдрэмж төрүүлнэ.
  • Насжилт: Биений юм ирэхээ больж, үр тогтоох боломжгүй болдог цэвэршилтийн дараа бэлгийн даавар буурснаас үтрээний уян хатан чанар алдагддаг.
  • Дааврын түвшин: Дааврын түвшний өөрчлөлт үтрээнд нөлөөлж болно. Жишээлбэл, цэвэршсэний дараа болон хүүхэд төрүүлсний дараа, хөхөөр хооллож байх үед эстроген дааврын нийлэгжил буурдаг. Эстроген дааврын хэмжээ буурснаар үтрээний хана нимгэрч (үтрээний хатингаршил), бэлгийн харьцааг өвдөлттэй болгоно.

Хамгийн түгээмэл тохиолддог үтрээний эмгэгүүд

  • Бэлгийн хавьтлын эмгэг: Бэлгийн хавьтлын үед болон дараа тогтмол өвддөг байх нь (dyspareunia) дааврын тэнцвэр өөрчлөгдсөнөөс, бэлгийн хавьтлын үед эр бэлэг эрхтэн  үтрээнд нэвтрэхэд өвдөлттэй байх  нь (vaginismus) үтрээний хананы булчин удирдлагагүй агшдаг эмгэг зэрэг шалтгаануудаас үүсч болно.
  • Бэлгийн замын халдвар. Гадна бэлэг эрхтэний үү, тэмбүү, бэлгийн хомхой зэрэг бэлгийн замын олон халдварууд үтрээний эрүүл мэндэд хүндээр нөлөөлнө. Халдвар авсан тохиолдолд үтрээний өвөрмөц ялгарал, эмзэглэлүүд заавал дагалдаж илэрнэ.
  • Үтрээний үрэвсэл (вагинит). Халдвар авсан эсвэл үтрээний бичил орчны тэнцвэр алдагдсанаас үтрээний салс үрэвсдэг. Үтрээний үрэвслийн сонгодог шинж тэмдгүүд нь эвгүй үнэртэй, их хэмжээний ялгарал гарах, загатнах, өвдөх зэрэг болно. Хамгийн түгээмэл тохиолддог үрэвслийн хэлбэрүүдэд үтрээний бичил биетийн тэнцвэр алдагдсаны бактерийн үрэвсэл, мөөгөнцрийн бичил биетийн (Candida albicans) мөөгөнцрийн үрэвсэл, шимэгчээр үүсгэгддэг, ихэвчлэн бэлгийн замаар халдварладаг трихомониаз үрэвсэл зэрэг багтана.

Бага аарцгийн эрхтэнүүдийн холбоосын сулрал: Умайг байранд нь тогтоож байдаг шөрмөс болон холбоос эдүүд суларснаас умай, давсаг, шулуун гэдэс доош унжиж үтрээний хана руу түрж орж ирдэг.
Бусад эмгэг болон өөрчлөлтүүд. Үтрээний хананд уйланхай үүссэнээс бэлгийн харьцаа өвдөлттэй байх, сарын тэмдгийн үед тампон хийхэд хүндрэлтэй болно. Цэвэршсэний дараа болон бэлгийн хавьтлын дараах үтрээний цус алдалт нь ховор тохиолдолд үтрээний хорт хавдрын шинж тэмдэг байдаг.
Үтрээний эмгэгийн шинж тэмдгүүд
Танд дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай:
  • Үтрээний ялгарлын өнгө, үнэр, хэмжээ өөрчлөгдөх. Өндөр халуунтай хавсарсан байвал онцгой анхаарах, Үтрээ улайх, загатнах, хэт цочрог болох
  • Цэвэршилтийн үед гармоны бууралтаас үүдэлтэй сэтгэл санааны төдийгүй бие махбодын өөрчлөлтүүдүүд ихээхэн гарана. Цэвэршиж гүйцсэний дараа, бэлгийн хавьталд орсны дараа болон биений юмны хооронд үтрээнээс цус гарах
  • Үтрээ хавагнах
  • Үтрээ хүндэрч, дарагдалт мэдрэгдэх
  • Бэлгийн замын мөөгөнцрийн үрэвсэл урьд нь илэрч байсан хүмүүст үрэвсэл дахих хандлагатай байдаг тул үрэвслийн зовиур дахин илэрвэл эмчилгээгээ давтаж болно. 

Үтрээний эрүүл мэндээ сахин хамгаалах зарчмууд
Үтрээний болон биеийн ерөнхий эрүүл мэндээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

  • Хариуцлагатай бэлгийн харьцаа. Бэлгэвч тогтмол хэрэглэх. Бэлгийн замын халдварын эрсдэлгүй зөвхөн нэг хамтрагчтай байх.
  • Вакцинжуулалтанд хамрагдах. Хүний папилломавирус (HPV), элэгний А,Б вирус зэрэг бэлгийн замаар халдварладаг ноцтой өвчнүүдээс вакцинжуулалтаар хамгаалж болно.
  • Хувийн ариун цэвэр хариуцлагатай сахих. Хурц үнэртэй саван, гель, үрэвслийн эмчилгээний угаалгын шингэнүүд үтрээний ашигтай нян болон хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, үтрээг цочроодог тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Гадна бэлэг эрхтэнээ өдөр бүр угаах ба угааж цэвэрлэхдээ аль болох энгийн бөгөөд хольц багатай саван сонгохыг хичээгээрэй. Салсын шүүрлийн ялгарлаараа үтрээ гүн хэсгийнхээ цэвэрлэгээг өөрөө гүйцэтгэж байдаг. Биений юм ирсэн үед угаалгыг өдөр бүр, илүү ойрхон хийдэг байх хэрэгтэй. Хярзангийн эргэн тойронг (үтрээ болон шулуун гэдэсний амсрын хоорондох зай) цэвэр байлгах нь нэн чухал. Энэ хэсгийг өдөр бүр сайтар цэвэрлэж шулуун гэдэсний ялгадсыг үтрээнд нэвтрэхээс чандлан хамгаалаарай. Сарын тэмдгийн хоорондох өдрүүдэд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэх нь арьсыг цочроох магадлалтайг анхаарна уу.
  • Кегелийн дасгал хийж дадлагажих. Кегел дасгалаар аарцгийн булчингуудыг чангалахад үтрээний хананы цусан хангамж нэмэгддэг. Шээсээ таслахад оролцдог бага аарцгийн булчингуудыг олж мэдрээд, тэдгээрийг чангалдаг дасгалуудыг хийнэ. Зөв булчингаа мэдэрч сурсан үедээ өдөр бүр 10 давталтаар дор хаяж 3 удаа хийвэл үр дүн гарна.
  • Хэрэглэж буй эм, бэлдмэлээ судлах. Таны хэрэглэж байгаа эм үтрээнд гаж нөлөө үзүүлэх эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөөрэй.Мөн цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй
  • Согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж, тамхи болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх. Согтууруулах болон мансууруулах бодис нь бэлгийн үйл ажиллагааны хямралд хүргэнэ. Никотин бэлгийн сэрлийг бууруулж, бэлгийн амьдралыг хямралд оруулах эрсдэлтэй байдаг.
  • Үтрээний бүх асуудлаас урьдчилан сэргийлэх боломжгүй ч, тогтмол үзлэг, хяналтанд орох нь үтрээнд нөлөөлж байгаа асуудлыг эрт оношлох бололцоо олгодог. Танд үтрээний эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал байх магадлалтай бол, санаа зоволгүй эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө, тусламж аваарай




No comments:

Post a Comment