Вирус ба бактери ялгаатай эмчилгээ нь ч гэсэн ялгаатай


Вирус ба бактери ялгаатай эмчилгээ нь ч гэсэн ялгаатай
Бактери, вирус нь хоорондоо маш том ялгаатай. Бактериар үүсгэгдсэн өвчлөлийн үед вирусын эмчилгээ ямар ч үр дүнгүй мөн үүнтэй адил вирусээр үүсгэгдсэн ханиад томууны үед бактерийн эсрэг эмчилгээ хийлгэвэл мөн адил үр дүнгүй харин ч таны бие хордох  болно.  Тиймээс тань мэдлэгт дусал нэмэр болгох үүднээс бактери ба вирус ямар ялгаатай, мөн аль альныхан үед ямар эмчилгээ авбал үр дүнтэй байдаг талаар хүргэхээр бэлтгэлээ

Бактери
Бид өөрөөр микроб, нян ч гэж нэрлэдэг. Бактери буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай байдаг бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг.



Бактери буюу нян нь эзэн эсийг зөвхөн “хооллож ундлах”, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь эс, эдийг өөрийн ферментээр нураахын сацуу амьдралынхаа явцад ялгардаг бүтээгдэхүүн буюу хортой ялгадсуудаараа хүний бие махбодийг хордуулж байдаг. Ингэснээр өвчин үүснэ.

Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: хижиг, гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, булчин задрах тахал, уяман, тэмбүү, заг хүйтэн /гонорей/, идээд халдвар, боом, сахуу, татран.

Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг. Арьс, амны хөндий, үтрээ зэрэгт байдаг бактериуд нь өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах үүрэгтэй.

Ийм ч болохоор антибиотик хэт их хэрэглэх үед хүнд сайн нөлөөтэй бактериуд нь мөхснөөр дисбактериоз г.м. эмгэг үүсдэг.
Вирус
Вирус нь амьд ба амьгүй байгалийн зааг дээр оршиж байдаг амьдралын хамгийн бүдүүлэг хэлбэр юм. Вирус нь уургийн бүрхүүлээр бүрхэгдсэн ДНХ, эсвэл РНХ гэсэн генийн материалаас л тогтож байдаг.

Вирусийн биет нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж яваа эзэн биеийн махбодийн эсийн тусламжтайгаар л үржиж чадна. Үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргуйд бэхлэгдэж авна.

Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй өөрийн онцлогоос хамаараад зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээлэхэд, томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салтс бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг.

Ингээд эсийн гадаргуйд бэхлэгдэснийхээ дараа нь өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан “угсрагдсан” шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад нь цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, улаан бурхан буюу корь, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, цусархаг халуурал, тархины хачигт үрэвсэл, гепатит.

Эмчилгээ:
БАКТЕРИ
Бактериар үүсгэгдсэн өвчний үед эмчийн заалтаар антибиотик эмчилгээг сонгон хэрэглэдэг. Учир нь антибиотикууд нь эсийн гадаргыг угсрах, нуклеины хүчил болон уургийг нийлэгжүүлэлтийг алдагдуулах, эсвэл нянгийн доторх зарим бодисын солилцоог нь доголдуулах замаар нянг устгадаг. Харин вируст гадарга, бодисын солилцоо, нийлэгжүүлэх өөрийн гэсэн систем энэ тэр байхгүй тул антибиотикийн үйлчилгээнд тэсвэртэй байдаг. Ийм ч болохоор томуу туссан хүнд мянга антибиотик хийгээд нэмэргүй.
ВИРУС
Вирусээр үүсгэгдсэн өвчний үед антибиотик эмчилгээ ямар ч үр дүнгүй харин таны дархлалын систем нь хүний биед нэвтрээд эсийн дотор орж амжаагүй байгаа вирусыг л устгаж чадна. Гэвч вирусын генийн материал нь нэгэнт эсийн гадаргыг нэвтлээд орчихсон бол эсийг бүхэлд нь устгаад гадагш ялгарсан вирусыг дархлалын эсээр залгиулан устгахаас өөр арга байдаггүй. Зарим төрлийн вирус нь хүний биенд нэг л нэвтэрсэн бол тэндээ насан туршид нь амьдардаг. Жишээлэхэд, хомхойн вирус, папиломын вирус, ДОХ-ын вирус нь ийм чадвартай. Ингэж хүний биед амьдрахдаа идэвхтэй үржих буюу өвчин сэдрэх, идэвхгүй унталтын байдалд орох буюу өвчин намжих гэсэн үечлэлтэй байдаг. Унтаа байдалд байгаа вирусыг ямар ч эм тангаар устгах боломжгүй.
Идэвхтэй үржиж байгаа вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг дараах гурван бүлэгт хуваадаг
1.      Хүний биеийн эсэргүүцлийг өдөөн сэргээх замаар вирусын эсрэг тэмцэх.

2.      Вирусын шинэ биетийн бүтцийг эвдэх. Шинэ вирус нь согогтой болж цаашид шинэ эс гэмтээх чадваргүй болдог ажээ.
3.      Вирусыг эсийн дотор нэвтрэхээс сэргийлэх дээр тулгуурлсан. Ийм төрлийн эм нь вирусын ДНХ, эсвэл РНХ-ийг уургийн гадаргаасаа салахад нь саад болдог. Ингэснээрээ вирусын ген нь эсийн гадаргаар нэвтрэн орох чадвараа алддаг.

No comments:

Post a Comment