БӨӨР ЯАГААД ӨВДДӨГ ВЭ?

Бөөрийг овсгоотой эрхтэн гэж хэлж болно. Шинэ хүн мэндэлж эхлэнгүүт өөрийн хүлээсэн үүргээ 100%-с илүү 150% хүртэл давуулан биелүүлж эхэлдэг. Нэг бөөр ажиллагаагүй боллоо гэхэд үлдсэн нэг бөөр нь 75%-иар ажлаа гүйцэтгэж чадна. Бөөр нь цусны даралт тогтворжуулах, цусны улаан бөөм үйлдвэрлэх, глюкозийн тодорхой хэсэг, Д амин дэм үйлдвэрлэх ажээ. Гэхдээ энэ чухал эрхтнийг үүргээ гүйцэтгэж чадахгүй болтол нь явуулах хэрэггүйг анхаарна уу. Бөөрний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх дадал зуршил их байгааг эмч нар анхааруулж байна. Чухам ямар дадал зуршил бөөрөнд муугаар нөлөөлж байгаа, түүнээс сэргийлэх боломж бидэнд бий.
Шингэн бага уух нь бөөрний үйл ажиллагаанд нөлөөтэй
Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд шингэн уух дэглэм баримтална. Өдөрт ойролцоогоор 1,5-2 литр цэвэр ус ууна. Энэ хэмжээ нь ундаа, жүүс, кофе зэрэг шингэн төрлийн зүйлсээс авсан шингэнийг оролцуулахгүй. Цэвэр ус нь биеийг хорт бодисоос цэвэрлэх зорилготой. Усанд хүчилтөрөгч агуулагддаг тул бүхий л эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих ажээ.

Шээсээ удаан барих
Шээс хүрсэн дариуд ариун цэврийн өрөө орж биеэ хөнгөлж байх нь зүйтэй. Давсганд хэт их ачаалал өгөх нь сөрөг үр дагаварт хүргэж болохыг анхаарна уу. Бөөрөөр дамжин бодисын солилцоо явагддаг. Хэрвээ давсганд шээс удаан хугацаагаар хуримтлагдвал нян, бактер үржих таатай орчин бүрдэнэ. Мөн шээсний орчин өөрчлөгдөн шээсний давс биежиж, талст-чулуу үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь бөөрний чулуу үүсэхэд хүргэж болохыг анхаарна уу.

Амьдралын буруу, дадал зуршил
Архи, тамхи зэрэг нь бөөрөнд сөргөөр нөлөөлнө. Биед орох хорт бодис нь бөөрний ачааллыг эрс ихэсгэдэг. Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд бөөр маш идэвхтэй ажиллах ёстой болдог. Бөөрний тэвшинцэр нь маш их хэмжээний цус өөрөөрөө дамжуулан татаж, шээсээр хорт бодисоо гадагшлуулна. Энэ хоргүйжүүлэх үйл ажиллагааны ачааллаас хамааран бөөр хурдан муудаж, эрч хүчээ гээнэ. Үүнээс гадна, шар айраг хэтрүүлэн, байнга хэрэглэх нь хүртэл бөөрөнд ачаалал өгч бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог. Бусад эрхтнүүдийн хэт их идэвхтэй ажиллагаа нь цус өтгөрөхөд нөлөөлнө, өөрөөр хэлбэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ. Хортой дадал зуршилд кофег оруулахгүй байж болохгүй. Хүний биед орох кофеин нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хангалттай хүчин зүйл болно. Кофе нь шээс хөөх үйлчилгээтэй тул бөөрөнд муу гэж үзэх бөгөөд бие махбодийг шингэний дутагдалд оруулахад хүргэдэг байна. Тиймээс өдөрт нэг аягаас илүүгүй кофе уухыг зөвлөе.

Дутуу амралт, Дутуу нойр
Бие эрхтний эс, ялангуяа бөөрний эд эс шөнийн цагаар шинэчлэгддэг. Авах ёстой нойрноосоо 2-3 цаг дутуу аваад байвал бөөрөнд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Насанд хүрэгчид 8 цаг орчим унтах ёстой. Гэхдээ энэ цаг хүн болгонд харилцан адилгүй: зарим нэг нь 9 цаг, нөгөө нь 7 цаг байж болно. Дутуу нойр гэдгийг тухайн хүний авах ёстой нойрны цагаас бага цаг унтахыг ойлгохоос гадна, бөх сайн унтаж, амарч чадахгүй байхыг хэлнэ. Дутуу нойртой явснаар хүний бие махбодь бүхэлдээ удаан ажиллаж эхэлнэ, тэр дундаа бөөр, үүнээс үүдэн хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Идэвхигүй хөдөлгөөн
Суугаа хэв маяг, хөдөлгөөний дутагдал нь бөөрөнд сөргөөр нөлөөлнө. Хөдөлгөөний дутагдалд удаан хугацаанд байвал бие эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цусны эргэлтийг сайжруулахын тулд бага ч болов дасгал хөдөлгөөн, гимнастик хийх хэрэгтэй. Энэ нь дан ганц бөөр гэлтгүй, бусад эрхтэн системд ч эерэг нөлөөтэй. Бие, үе мөчөө хөдөлгөж байхыг байнга санан, цаг тутамд бага багаар хөдлөхийг зөвлөе. Зөөлөн хөдөлгөөн нь бөөрөнд чулуу үүсэхээс хамгаална.
Хоолны дэглэм
Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжих чухал хүчин зүйлийн нэг. Иймд хоолондоо анхаарал хандуулаарай. Давсны хэт их хэрэглээ нь бөөрийг муутгадаг. Яагаад гэвэл бөөр гэх эрхтэн нь ус-давсны солилцоог хариуцдаг эрхтэн юм.
Давсны дутагдал нь бөөрний чулуу үүсэх бас нэгэн шалтгаан.
Хүний давсны өдрийн хэрэглээ нь 5-6 г ажээ. Бөөр нь уургийн өндөр хэмжээнээс мөн өвдөнө. Уураг хүний биед хуримтлагдах ёсгүй, илүүдэл уураг бөөрөөр дамжин гадагшилдаг. Хэрвээ хэт их уураг хэрэглээд байвал бөөр ачааллаа дийлэхгүй болж ирнэ, мөн бөөрний чулуу үүсэх шалтгаан болох ажээ. Хэт чанд дэглэм барих нь мөн бөөрөнд шууд нөлөөлдөг байна. Ялангуяа өөх хайлуулах хоолны дэглэм: бөөрийг “нүцгэлж” зохих хамгаалалтын давхаргагүй болгоход хүргэнэ. Хамгаалах давхаргаа гээсэн бөөрний ачаалал хоёр дахин нэмэгдэнэ: тэнцвэрт байдал алдагдаж, зохих шим тэжээлээ авч чадахгүйд хүрдэг байна.



No comments:

Post a Comment