Хүүхдийн баасны талаар та зохих мэдлэгтэй болсноор хэдийд анхаарал тавих ёстой, хэдийд санаа зовохгүй байж болох вэ гэдэг нь илүү тодорхой болох болно. Хүүхдийн баасны өнгө хар, улаан, цагаан өнгөтэй байвал шууд л хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Ялангуяа нярай хүүхдийн баасны өнгө, тоо өөрчлөгдвөл эмчид хандахаас хэзээ ч битгий татгалзаарай.
Нярайн зунгаг
Хүүхэд төрсний дараах эхний хэд хоногт хар ногоон өнгөтэй, наалдамхай чанартай, нялцгай баас гаргадаг бөгөөд үүнийг зунгаг гэж нэрлэдэг. Энэ нь эхийн хэвлий дэх ургийн хөгжлийн явцад ураг орчмын шингэн, салс, арьсны эсүүд болон бусад залгигдсан зүйлсээс бүрдсэн байдаг. Зунгаг нь үнэргүй тул ихэвчлэн хүүхдийг хуурайлах үед л өтгөнөөр бие зассан болохыг мэддэг.
Төрсний дараах 2-4 дэх хоногт зунгагны өнгө нь өөрчлөгдөж цайвар ногоон, шаргал болохын зэрэгцээ наалдамхай чанар нь багасдаг. Ийнхүү баасны өнгө өөрчлөгдөж байгаа нь ангир уургаа шингээж эхлэж байгаагийн шинж бөгөөд тухайн нярайн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгааг илтгэнэ.
Хөхний сүүний баас
Хөхөөр хооллож байгаа бол баас нь бага зэрэг ногоовтор байж байгаад өнгө нь аажим өөрчлөгдөж шаргал өнгөтэй, цөцгий шиг болно. Мөн заримдаа суулгалттай төстэй усархаг байдалтай болж магадгүй. Хөхний сүүний баас нь шаргал өнгөтэй жигд бүтэцтэй байдаг. Сонирхолтой нь үнэр нь өвөрмөц, тийм ч эвгүй биш байдаг байна.
Хөхөөр хооллож байгаа үед хүүхдийн баасны байдал өөрчлөгдөж болно. Тухайлбал өнгө нь ногоовтор язмагтай болж хэвийн байдлаасаа өөр болж болох боловч ямар нэг өөр шинж тэмдэг илрэхгүй бол санаа зовохгүй байж болно. Хэрэв таны хөхөнд сүү гүйцэд ороогүй уураг гарч байгаа тохиолдолд хүүхдийн баас цайвар ногоон өнгөтэй хөөсөрхөг, замаг шиг гарч магадгүй.
Эрүүл хооллолтын баас
Эрүүл хооллолтын баас нухаш шиг жигд бүтэцтэй, бор шаргал өнгөтэй байдаг. Харин үнэр нь хөхний сүүгээр хооллож байгаа үеийнхээс илүү хурц үнэртэй болно.
Хэрэв та хүүхдэдээ төмрийн нэмэлт бэлдмэл өгч байгаа бол баас нь хар ногоон эсвэл бүр хар өнгөтэй гарч болно. Заавал ийм байх албагүй ч энэ нь хэвийн зүйл гэдгийг санаарай.
Харин төмрийн бэлдмэл өгөөгүй байхад баас нь хар өнгөтэй гарвал заавал эмчид хандаж энэ нь мелена буюу боловсорч байгаа цус биш болохыг батлах шаардлагатай. Цус нь ходоодны хүчлийн нөлөөгөөр хар өнгөтэй болж өтгөнөөр гардаг.
Бор хоол идсэний дараах баас
Бор хоолонд орж байгаа үед хүүхдийн баасны байдал өөрчлөгдөж эхэлдэг. Бор хоол идэж байгаа хүүхдийн баас бор эсвэл бор хүрэн өнгөтэй, өтгөн бүтэцтэй болж, үнэр нь том хүнийхтэй илүү төстэй болж ирдэг.
Дутуу боловсорсон хүнсний зүйлстэй баас
Заримдаа таны хүүхдийн баасанд дутуу боловсорсон хүнсний зүйлийн хэсэг, эсвэл улаан цэнхэр, хар хөх өнгийн жижиг хэсгүүд илэрч магадгүй. Улаан хүрэн өнгө нь улаан манжин, улаан шар өнгө нь лууван, хар хөх өнгө нь нэрс зэргийн өнгө байж болно. Үүнд та санаа зовсны хэрэггүй. Энэ нь хүүхдийн идсэн хоол нарийн гэдсэнд бүрэн задарч боловсорч амжилгүй гарсантай холбоотой. Хүүхэд хоолоо идэх үедээ дутуу зажилж бүхлээр нь залгих, нэг төрлийн зүйлийг хэт их идэх үед ийм байдал ажиглагдаж болно.
Энэ нь илүү усархаг байх бөгөөд шингэн хэсэг нь бүхэл хэсгээсээ хавьгүй илүү байдгаараа ялгаатай. Өнгөний хувьд шаргал, ногоон, бордуу өнгөтэй байхын зэрэгцээ хэмжээ ихтэй байдаг тул өлгийний даавуу, живхийг нэвтэлж магадгүй. Суулгалт нь халдвар, харшлын шинж тэмдэг байж болох тул цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол хүүхдийг усгүйжилд амархан хүргэн, биеийн байдлыг хүндрүүлэх аюултай. Хэрэв суулгалт олон тоотой, хэмжээ нь их эсвэл нэг өдрөөс удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай бол эмчид даруй хандаарай. Мөн суулгалт нь цусны судал, салс агуулсан байвал эмчид заавал үзүүлээрэй.
Өтгөн хатах
Хэрэв таны хүүхдийн баас хатуу, хэлбэржсэн байдалтай байвал өтгөн хаталт гэж нэрлэнэ. Энэ үед хүүхэд баахдаа мэдэгдэхүйц тавгүйтэхээс гадна бага зэргийн цустай баас гарч магадгүй. Хатуу баас гарахдаа хүүхдийн шулуун гэдсийг гэмтээснээс бага зэрэг цус гарч болно. Өтгөн хаталт ихэвчлэн бор хоолонд орсон хүүхдэд илрэхээс гадна сүү, шар буурцгийн уурагт мэдрэг хүүхдэд илүүтэй тохиолдоно. Хэрэв өтгөн хаталт илэрвэл эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч таны хүүхдэд ус, хар чавганы болон лийрийн шүүс өгөхийг зөвлөж магадгүй. Эдгээр нь хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтыг багасгах болно.
Зарим тохиолдолд хүүхдийн баас залхагтай гарч болно. Хүүхдийн баасны хажуугаар ногоовтор болон гялалзсан тунгалаг өнгөтэй өтгөвтөр зүйл гарч болох бөгөөд үүнийг залхаг гэж нэрлэдэг. Зарим үед шүлс, салс шингээгүйн улмаас залхаг үүсч болно. Гэвч залхаг нь ихэвчлэн халдвар, харшлын далд шинж тэмдэг болдог. Хэрэв энэ нь бусад шинж тэмдэгтэй хавсрах эсвэл хоёр хоногоос илүү удаан хугацаагаар гарвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Зарим үед хүүхдийн баас тод улаан цустай эсвэл хар өнгөтэй боловсруулагдаж байгаа цустай гарч болно. Тод улаан цустай баас хэд, хэдэн шалтгааны улмаас гарч болно. Хэрэв хүүхэд цустай баас гаргасан байвал эмчид заавал үзүүлээрэй.
- Бага зэрэг цусны судалтай хэвийн баас ихэвчлэн сүүний уурагт харшил өгсний улмаас үүсдэг.
- Хүүхдийн баас хатсан үед баас цустай гарч болох бөгөөд энэ нь баах үед хүүхдийн анус гэмтсэнээс шалтгаалдаг.
- Цусны хольцтой суулгах нь нянгийн халдвар авсныг илтгэнэ.
- Мөн хөхний толгой хагарсан, цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүлснээс болж хүүхдийн баас хар өнгийн цусны хольцтой гарч болзошгүй. Хөхний толгойг угааж, цэвэрлэсний дараа хөхүүлж байгаарай.
Эцэст нь хэлэхэд хүүхдийн хоол боловсруулах зам нь бүтцийн хувьд бүрэн боловч үйл ажиллагааны хувьд дутмаг төрдөг бөгөөд аажим, аажмаар хоол боловсруулах замын үйл ажиллагаа сайжирч, насанд хүрсэн хүнийх шиг болдог. Үүнд цаг хугацаа, эцэг эхийн туслалцаа дэмжлэг чухал. Тиймээс хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Хөхөөр хооллон, цаг хугацаанд нь товлолт Вакциныг нь хийлгэн, Хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих, хямрахаас нь сэргийлэн Боннисан уулгаж байхыг зөвлөж байна.
Нийтлэлийг бичсэн: Хүний их эмч Ж.Номиндарь
No comments:
Post a Comment