Бага насны хүүхдийн амь бие эмзэг дорой байдаг гэж үздэгтэй холбоотойгоор засал домнолго хийх олон төрлийн арга байдаг. Үүний заримаас хүргэе.
Зальт шар үнэгний дүрс хайчилж өлгөдгийн учир. Гай зовлон, өвчин эмгэгээс хүүхдийг хамгаалах уламжлалт арга домын үйлүүд олон бий. Хүүхдийн зүүдэнд үнэг ирж “Ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлээд хүүхэд уйлах гэхэд “Худал хэлэв, худал хэлэв” гэж тоглон эргэлдэхэд хүүхэд баярлан инээдэг /хүүхэд зүүдэндээ инээхийг “үнэгчлэх” гэдэг/ гэсэн домог бий. Тиймээс нярай хүүхдийн аав нь өөрийн гараар үнэг хайчилж өлгөдөг заншилтай. Мөн эсгий үнэг хүүхдийг сэрүүн байхад нь саатуулдаг. Хүүхэд идэх юмандаа хахсан үед “Бар-аа, бар-аа” гэж дууддаг. Учир нь "БАР" гэх амьтан хэзээ ч хахаж үхдэггүй гэж үздэг учир хүүхдээ БАР болгон дууддаг байна.
Айж, цочсон хүүхдийг гал дээр давс хийж домноно. Бага насны хүүхдийн ямарваа зүйлээс айж хургасныг "хөлсөх" гэж хэлдэг. Хөлссөн хүүхдийг домнох олон арга байдаг. Аягатай усанд лааны тос эсвэл тугалга хайлуулан дусаахад айсан амьтаных нь дүрс гарч ирдэг гэдэг. Мөн айсан хүүхдийг нүцгэлж байлгаж өөрийнх нь малгайг буруу харуулан өмсгөж улаан цог эсвэл гал дээр давс хийж хүүхдийг түүн дээгүүрээ нар зөв тойруулан домнодог байна. Энэ үйлийг хийх үедээ “Гал ширэг суухаа, Гангар ширэг суухаа” гэсэн шившлэгийг хэд хэдэн удаа хэлдэг. Бас Сосорбарма бурхны зүрхэн тарнийг шившин аягатай усруу 3-7 удаа үлээж домыг гүйцээдэг. Уг тарни нь “Сосорбармаасаа чанцаало, Ум даари базарни махаа хум хум, пад пад суухаа” юм.
Шүр, маргад зэрэг чулуу хүзүүнд нь зүүж өгөх. Үнэт чулууг хүүхдийн биед байлгах нь муу муухай бузраас хамгаална, ээлтэй сайн хэмээн төрөл бүрийн чулуугаар зүүлт хэлхэн зүүлгэдэг. Шүр, маргад зэрэг үнэт чулуу хүүхдэд сайн нөлөөтэй гэж үздэг. Мөн уулын болор чулуу аливаа өвчнөөс сэргийлнэ. Ногоолин чулууг биедээ байлгаснаар хүүхэд цочиж сэрдэггүй, тунгалаг шар галын чулуу хүүхдийг тайван амраадаг.
Бор халзан туулай чөтгөрийн нүдийг хуурдаг. Харанхуй болсон хойно хүүхдээ гадагш гаргах болоход хамрын үзүүрт хөө түрхэж бор халзан туулайн дүртэй болгодог. Энэ нь чөтгөрийн нүдийг хуурч хүүхдээ айж цочихоос сэргийлдэг гэж үздэг. Мөн хүүхэд хар дарахад лаа асааж хүүхдээ гурав тойруулах домыг хэрэглэдэг бөгөөд зүүдэндээ сэрвэлзэхгүй болно гэж уг домыг үйлддэг байна.
Ам гэмтэх буюу албаа эдлэх. Хүүхдийн ам нь гэмтэхэд эдлэх ёстой албаа эдэлж байна хэмээгээд нагац ахыг нь дуудуулдаг байжээ. Ам нь гэмтсэн хүүхдийг нагац ахынх нь морины амгайг зуулгаж домноно. Хурдтай давхиж ирсэн морины амгай зуулгавал амны гэмтэл нь илүү арилдаг байна. Зарим газарт хүүхдийн ам гэмтэхэд улайтгасан халуун төмрөөр баганаа түлж цоргиод гарсан утаагаар хүүхдээ утаж домнодог. Нохойг засаж халуун төмсгөөр нь домнох ёс ч байсан баримт байдаг ажээ.
Хэрээ гуагалах. Хэрээ гуагалахыг монголчууд хар хэл ам дуудаж байна гэж үздэг. Уг тохиолдолд “Хэрээ муу хэлээ цааш нь, сайн хэлээ нааш нь. 300 насалж 3 цагаан өндөгтэй болоорой” гэж хэлдэг. Энэ нь хэрээг баярлуулж муу ёрыг өөрөөсөө холдуулж байгаа хэрэг юм.
Өвдөг гарвал Дээл нөмөрч, хормойг нь зүүн хөлний доогуур оруулж хормойг долоон удаа нугална. “Эм дом, эм дом” гэж шившээд өвдөг гарсан газарт нугалсан хормойгоо долоон удаа хүргэж домнодог.
Мэдээллийг бэлтгэсэн: Уламжлалт анагаах ухааны их эмч Ж.Номиндарь
Эх сурвалж: https://www.wikipedia.org/
Эх сурвалж: https://www.wikipedia.org/
No comments:
Post a Comment